Thursday, November 26, 2009
Төрийн шагналын тухай хэдэн үг
Улс тунхагласаны 85 жилийн ойн баяраар манай Ардчилсан ерөнхийлөгч олон хүнд социалист (Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, ....) төрийн одон, медаль шагналуудыг гардууллаа. Энэ сэтгэл хөдөлгөм ёслолыг үзээд өөрийн үзэл бодлыг хуваалцмаар санагдлаа.
Манай улсад оршин тогтноод байгаа энэ төрийн шагналуудын үүсэл нь социализмаас гаралтай. Социализмын үед төр хүмүүсийг өөрийнхөө төлөө үнэ төлбөргүй ажиллуулаад хариуд нь төрөл бүрийн шагналаар хуурдаг байсан байна. Хэрвээ хүмүүсийг ямар нэг зүйлээр хуурахгүй бол хүмүүс нэг л өдөр тогтолцооныхоо эсрэг болно гэдгийг тэд мэддэг байжээ. Зүгээр төсөөлөөд үзье л дээ. Насан туршдаа улс эх орныхоо төлөө ажиллаж ажиллаж байгаад нэг өдөр гэртээ хүрээд ирсэн чинь өлсгөлөн хүүхдүүд, төмөр ор угтвал ямар ч тэнэг хүн “энэ ямар утга байнаа” гэж бодно биз дээ? Харин тэрний оронд гэртээ ирсэн чинь төмөр ор, өлсгөлөн хүүхдүүд угтсан ч гэсэн хойморт нь өргөмжлөл, баярын бичиг, хэдэн тэмдэг байгааг хараад сэтгэлээ засаад “за би чинь нам төрийн хайр хишгийг хүртчээд...” гэж боддог байсан байх.
Энэ шагналуудаа эх оронч үзэл, төрийг дээдлэх үзэл, социализмийг магтан дуулах үзлүүдээр үлам нэр хүндтэй болгож, хүмүүсийг шагналд дуртай, шагналын төлөө амьдарлаа зориулахад ч бэлэн болгодог байжээ. Төрийн шагналаа аваад ярилцлага өгч байгаа хүмүүсээс та энэ шагналийн ямар их үнэ цэнэтэй байсныг харж болно. Ерөнхийдөө “төрийг эзэн, ард түмнийг илжиг” байсан гэж үзвэл илжгийг урагш хөдөлгөх лууван нь төрийн шагнал урамшил, одон медалиуд байжээ.
Ардчилсан нийгэмд хүн хийсэн бүтээснийхээ хэрээр өмч хөрөнгөтэй болдог болохоор ийм цаасан малгайны хэрэг ерөөсөө байхгүй. Хэрвээ төрийн одон медаль өгөх хэрэгтэй бол цэргийн хүмүүст л хэрэгтэй байх. Өөрийнхөө төлөө ажиллаж хөдөлмөрлөөд амжилт гаргасан хүмүүст энэ төрийн шагнал ямар хэрэгтэйг эрүүл ухаанаар ойлгох аргагүй. Жишээ нь: “гавьяат жүжигчин” гэдэг цол байна. Хүн өөрөө өөрийнхөө мөнгөөр CD бичүүлээд, өөрөө шүтэн бишрэгчидтэй болоод, CD-гээ зараад өөртөө ашиг олж байхад төр шагнал өгөх ямар хэрэг байгаа юм бэ? Төрийн шагналтай шагналгүй хэн сайн дуулсан, хэн сайн уран бүтээл гаргасныг үзэгчид хамгийн шударгаар дүгнэнэ бас шагнана. Би лав АНУ- ийн гавьяат жүжигчин Madonna гэж сонсоогүй гэхдээ тэр хэдэн саяыг дуулаал олдог, тэр хэрээрээ баян тансаг амьдардаг.
Бусад бүх төрийн шагналууд бүгд адилхан хүмүүст цаасан малгай өмсөгдөг төмөрнүүд.
Тэгээд ер нь энэ төрийн шагналуудыг дагаад авилгал, бялдуучлал, атаархал жөтөөрхөл, шудрага бус байдал бий болдог нь бидний нүдэнд ил байгаа.
Төрийн шагналын талаар маш товчхон бичхэд ийм байна цааш нь бичвэл бараг ном ч багадана. Ийм социалист, иргэд зах зээлд халтай, төрийг шүтэх үзлийг дэврэгсэн үйл ажиллагааг зогсоох цаг нь болжээ.
(Уг нь Элбэгдоржид их найдлага тавьж байсан юм гэхдээ хэззээ ч төр өөрөө энэ үйл ажиллагааг зогсоож чадахгүй, харин үүнийг иргэд өөрчилж чадна)
Wednesday, November 4, 2009
Үнийн хөөрөгдөлт гэж юу вэ?
Ойрын өдрүүдэд үнэ хөөрөгдсөн талаар их яриж бичих боллоо. Адууны мах, аарц, чацарган, маск болон С витамины үнийг хөөрөгдөөд байна шудрага бус өрсөлдөөныг хянан зохицуулах газар ажлаа хиймээр байна гэсэн эрүүл бус мэдээллийг сэтгүүлчид маань бараг орой бүр тв-ээр тоть шиг давтах боллоо.
Зүгээр эрүүлээр харах гээд оролдъё. Үнэ яагаад өсдөг вэ? Нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүй байвал зах зээлийн хүүлиараа үнэ өсдөг. Үүнээс өөр байдлаар хэн нэг нь хиймэлээр үнэ хөөрөгдвөл тэр хүн дампуурдаг, хэн ч тэр хүний барааг авахгүй. Яагаад гэвэл зах зээлийн хуулиас гадуур ямарваа үйлдлийг зах зээл өөрөө устгадаг тиймээс л зах зээл бүхнийг зохицуулдаг гэж яьдаг бас заадаг, үүнийг нь онолуудаар баталдаг юм.
Үнэ бол зах зээлийн талаарх үнэн бодит мэдэллийг тараагч юм хэрвээ үнийг төрөөс хиймлээр барьж эхэлвэл үнэ нөгөө мэдээллээ худлаа дамжүүлаад эхэлдэг. Ямар бараа зах зээлд эрэлттэй байна, хэрэглэгчид хаагуур их үйлчлүүлээд байна, ямар бараа илүүдэлтэй байна юуны үйлдвэрлэл хүчээ авч байна гээл хэдэн мянган төрлийн мэдээллийг дамжуулдаг. Дэлхйид зөвхөн зах зээлийн үнийн мэдээг гаргаж тайлбарлдаг Bloomberg гээд суваг хүртэл байна.
Түрүүн үнийг хиймлээр барьвал зах зээлийн талаар худлаа мэдээлэл дамжуулдаг гээд ярьсан, энэ нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар тайлбаралья. Хамгийн наад зах нь хүмүүс хаана ямар бүтээгдэхүүн эрэлттэй эсвэл илүүдэлтэй байгааг мэдэж чадахааа болино, зах зээлийн хууль хэрэгжихээ болиод ирэхээр зах зээл өөрөө алга болно, хүмүүс өмчтэй байх эрхээ алдана, төрийн дарангүйлал тогтно, үнэ тогтоодаг яам бий болно, хэрвээ хэн нэг хүн үнэ өөрчилвөл шийтгүүлдэг болно. Энэ процесс бүх үнэтэй зүйл дээр явагдна телевизийн рекламний үнэ хүртэл багтана гээд боддоо.
Бас ийм асуулт гардаг: За тэр онол монол яахав наана чинь хүмүүс өвчлөөд үхээд байхад үнэ хөөрөгдөөд байна! Үндэсний аюулгүй байдлын хажүүд үнэ юү юм бэ? ханиад хамуу дууссаны дараа наадхыгаа ярь гэж хэлж болох юм.
1. Энэ бол хүний хувийн өмчийн аюулгүй бадалтай холбоотой асуудал. Тэр хүн тэр лангуун дээр аарц зарах мөнгийг өөрийн олон жилийн хөдөлмөрөөрөө олсон, хүн өөрийн юмаа хэдэн төгрөгөөр зарах нь бидэнд хамаагүй. Хэрвээ үнэ нь таалагдахгүй байгаа вол авахаа л больчих. Аарц, адууны махнаас өөр хэдэн зуун сонголт бидэнд байгаа. Илүү өндөр амин дэмтэй бараа дэлгүүрүүдээр дүүрэн байна.
2. Цөөнхийг золиосолж хангагддаг олонхийн эрх ашигыг ардчлал гэдэггүй фашизм гэдэг.
3. Ардчилсан нийгэмд үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголт нь тэр нийгэмд амьдарч бүй хувь хүн нэг бүрийн аюулгүй байдалийг хэлдэг. Түнээс биш хэн нэгнийг золиосолж байж хангагддаг зүйлийг үндэсний аюулгүй байдаг гэдэггүй юм.
4. Үнэхээр тэгж шудрага царайлмаар байвал өөрөө аарцаа аваад өөрөө л зарна биз битий бусдийн амьдралд саад болоод бай чамтай л адил амьдрах гэж яваа хүмүүс.
5. Харин тэр хөөрөгдлийг чинь Эрүүл Мэндийн яамнаас гаргасан аарц адууны мах хэрэглэх зөвлөмж чинь үүсгээд байгаа юм. Аарц адууны махнаас үр дүнтэй амин дэмтэй бүтээгдэхүүнүүд маш олон байгаа шүү дээ!!! Наймаачдыг биш тэр хүмүүсын шүүмжлэх хэрэгтэй байх.
Гэж хариулах байсан.
Үнийг зүрэхтэй зүйрлэж болно хэрвээ зүрх цохьлохоо больвол хүн үхдэг шиг үнэ хөдөлгөөнгүй болвол зах зээл үхдэг. Энэ нь та бизнэс хийж чадхаа болино гэсэн үг үүнд телевизүүд ч хаамаатай(хувийн).
Friday, October 23, 2009
Бэлэнчлэх сэтгэлгээнд үгүй гэж хэлэх цаг иржээ
Хаа сайгүй тэжээлгэх, тэтгүүлэх сонирхотой хүмүүс тэр сэтгэлгээн дээр нь тоглож байгаа улс төрчдийг хараад энэ сэдвээр бичмээр санагдлаа .
Юу ч хийлгүй хүнээр тэжээлгээд суух сайхан гэхдээ дараа нь чи өөрөө хоолоо олж идэх чадваргүй гэрийн тэжээмэл амьтан болсон байх болно. Чамд сонголт гэж байхгүй болно, тэжээгч чиний өмнөөс соголтыг хийнэ, чи ямарч чадваргүй болсон байх учраас чамд ирээдүй гэж байхгүй харин тэжээгчийн ирээдүйн нэг хэсэг нь чи байх болно. Өнөөдөр тэжээлгээд сайхан байж магадгүй гэхдээ маргааш нь чи эрх чөлөөгөө болон амьдрах чадвараа алдчихсан байна.
Жишээ авья:
Сүрэн 40 настай 70 настай аав ээжийнхээ тэтгэвэрийн мөнгөөр амьдардаг, өөрийн гэсэн орон гэр, өмч хөрөнгөгүй. Нэг хүүхэдтэй эхнэртэй байсан боловч салсан. Заримдаа амьдралдаа гутаж баруун орцны эхнэрээрээ тэжээлгэж амьдардаг найзтайгаа эхнэрийнх нь мөнгөөр архи ууна. Сүрэн ингэж амдарч байгаадаа гутардаг ч ингэж амьдарч байгаагын шалтгаан нь өөрийн буруу гэж бодож байгаагүй харин эцэг эхээ буруутгадаг. Тэр амьдрах чадваргүй.
Болд хуучин нийгийн үед 10 жилээ төгсөөд ажилтай болсон. Харин 91 онд үйдвэр нь дампуураад ажилгүй болсон. Одоо тэр хэзээ нэгэн цагт хэн нэгэн ажилд оруулж өгнө хэмээн итгэдэг.
Цэцгээ дундаж амьдралтай гэхдээ хороондоо очиж гэр бүлээ нэн ядуу хэмээн бүртгүүлээд халамж хүртэх болсон. Тэр удахгүй нэн ядуу болно.
Манж улс хятадуудаар тэжээлэгсээр байгаад нэг мэдсэн ямарч ажил хийх чадваргүй үндэстэн болсон байсан. Тэгээд сүйрсэн. Улсаараа амьдрах чадваргүй болсон байна.
Иймэрхүү бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой жишээнүүд монголоор дүүрэн байна. Таний эргэн тойронд ийм хүмүүс олон байгаа.
Хэрвээ бид энэ сэтгэлгээнээс яаралтай салахгүй бол монгол улс удахгүй Манж улс шиг, Сүрэн шиг сүйрэх болно.
Хэн нэг эрх мэдэлтэн бэлэн зэлэн мөнгө амлаж байгаа бол үгүй ээ энэ чинь надаа хэрэггүй би өөрөө наад мөнгийг чинь олчих чадвартай хүн гэж зоригтойгоор хэлдэг болъё. Энэ нь та өрийгөө болон үр хүүхдийнхээ ирээдүйг аварч буй хэрэг юм.
Халамжлуулсаар байгаад нэг мэдсэн чинь боолууд ядуучуудийн дунд сүүж байхуй дээ.
Saturday, September 26, 2009
Эрх чөлөөтэй хүн л хариуцлагатай байдаг
Дахиад л сүүлийн үеийн түлгамдсан асуудлыг бичихээр шийдлээ. Саяхан “эрх чөлөөний парад хийнэ” гээд хүмүүстэй эрх чөлөөний талаар ярьсан чинь эрх чөлөө гэдэг үгнээс нэлээн дөлөх янзтай байнаа. “Ер нь ямар зорилготой юм? Үүргээ мэдэх үү та нар?” (Эрх үүргийн талаар өмнөх бичлэгүүдээс үзнэ үү!!!) “Эхлээд үүргээ ярь, дараа нь эрхээ ярь!” “Монголд тэр эрх чинь хэтрээд энэ залуус архи уудаг боллоо, ажил хийхээ болилоо, эцэг эхийнхээ үгэнд орохоо болилоо” гэнээ. Ер нь энэ эрх чөлөө гэдэг чинь хүнийг хүн биш, залхуу хойрог, ажилгүй, хариуцлагагүй амьтан болгодог гэж хүмүүс ойлгодог бололтой.
Боол хүн, эрх чөлөөтэй хүн 2 ийн ялгаа юу вэ? гэсэн чинь: Боол хүн сайн эзэнтэй болохийг хүсч санаа нь зовдог, сайн эзэнтэй л байх юм бол идэх хоол, өмсөх хувцас, орон байр болон бусад зүйлд санаа зовох хэрэггүй болдог. Харин эрх чөлөөтэй хүн сайн эзнээс бусад бүх зүйлд санаа зовдог, хаана унтах вэ? Юу идэх вэ? Юу өмсөх вэ гээд л бүх зүйлд санаа зовно. Энэ хэрээрээ эрх чөлөөтөй хүн маш хариуцлагатай амьдардаг хэрвээ ямар нэг буруу алхам хийвэл амьдралд нь шууд нөлөөлнө.
Эрх чөлөөтэй байна гэдэг бол сонголтоо өөрөө хийнэ гэсэн үг хэрвээ сонголтоо өөрөө хийсэн бол сонголтоос гарах үр дүнг өөрөө хариуцна гэсэн үг. Чи бизнес хийдэг байлаа гэж бодий хэрвээ чи зөв шийдвэр гаргаад ашиг олсон бол энэ чиний л ашиг , хэрвээ чи буруу тооцоо хийгээд алдагдал хүлээсэн бол чиний л алдаа чамаас өөр хүн энэ алдаа болон онооны ашиг тус, хор хохиролыг нь хүлээхгүй.
Амьдралд хамгийн хариуцлагагүй ханддаг хүмүүс бол өөрөө амьдралаа авч явдаггүй хүнээр тэжээлгэдэг, эсвэл хэн нэг хүний эрхээр амьдардаг, өөрөө шийдвэр гаргадаггүй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэртээ тэргүй алдсан ч оносон ч шийдвэрийг өөр хүн гаргадаг, хариуцлага нь өөр хүн дээр буудаг болохоор амдралд хайнга хаддаг. Жишээ нь: Та хоёрын нөгөө сайн гээд байсан охин чинь одоо архичин болчлоо би уг нь Бүрмаатай суух байсын, Би наад хувцасыг чинь аваагүй наадхаа хая, ээжийн оруулж өгсөн ажилд би явмааргүй байна гэх мэт...
Бид маш олон тохиолдолд өөртэйгөө холбоотой маш чухал шийдвэрүүдийг өөрсдөө биш бусдаар гаргуулчихснаа анзаарах ч үгүй ингэх ёстой юм шиг бодоол явж байдаг. Аав ээж, төр засаг, хэн нэг ухаантан, ёс заншил эсвэл найзууд нэг мэдэхэд бидний яаж амьдархыг заачихсан зогсож байдаг. Энийг өмс, тэр сургуульд сур, тэрэнтэй гэрэл, ингэж ид, тэгж яв, ингэж болно, тэгж болохгүй гээл зааж зааварчилж бидний өмнөөс шидвэр гаргана. Энэ хэрээрээ бид хариуцлагагүй амьдарч эхэлдэг.
Эрх чөлөө жинхэнэ хариуцлагатай хүнийг бий болгодог.
Saturday, September 5, 2009
Хүйс, жендэр, бэлгийн чиг хандлага
Өнөөдөр би та бүхэнд өөрийн ойлгосоноороо энэ 3 зүйлийн талаар маш товч тайлбарлья гэж бодлоо. Яагаад энэ талаар тайлбарлах боловоо гэхээр социализмын үед энэ талаар мэдээлэл байгаагүйгээс болоод өнөөдөр бид нийгэмд байгаа хүйс, жендэр, бэлгийн чиг хандлагатай холбоотой асуудалд хэрхэн хандахаа мэдэхгүй байна. Иймээс та бүхэнд энэ талаар мэдээллийг хүргэхээр шийдлээ.
Хүйс:
Энэ бол биологын ойлголт. Хүн хүйсээ сонгох боломжгүй. Хүйс эр эм гэсэн 2 туйлтай байдаг. Гэхдээ энэ нь хүйс эр эм гэсэн 2 төрөлд хуваагддаг гэсэн үг биш юм. Энэ 2 ийн голд маш олон төрлийн хүйсүүд орших боломжтой. Энэ хүйсүүдийг бид монголоор манин(манин дотроо маш олон төрөлтэй) гэж нэрэлдэг (intersexual, hermaphroditic). Үүнийг зургаар дүрсэлвэл:
Жендэр:
Жендэр бол биологын гэхээсээ илүү нийгмийн ойлголт юм. Энэ ойлголт нь олдмол шинжтэй байдаг, уг нь хүн өөрөө жендэрээ сонгох боломжтой. Гэхдээ нийгмээс тухайн хүнд хүйсийн ялгаанаас хамааран түлгаж бүй хүйсийн дүрийг жендэр гээд байх шиг байгаа юм. Жишээ нь эрэгтэй хүн хүчтэй, ухаантай, тулаанч, зоригтой, зөвхөн эмэгтэй хүнтэй хавьтдаг, удирдагч байх ёстой, өмсдөг хувцас нь эрэгтэйлэг шинжийг агуулсан байх, эсвэл эмэгтэй хүн хоол сайн хийдэг, хувцас сайн угаадаг, гоё биетэй, халамжтай, эрэгтэй хүнээр байнга дэмжүүлдэг байх зэргээр нийгмээс оноож буй хүйсийн дүрүүдийг хэлдэг.
Орчин үед жендэрийн эр эм гэсэн 2 дүрээс гадна энэ 2 дүрийн алинд ч орохыг хүсдэггүй хүмүүс бий болсон. Яагаад гэвэл эр, эм гэсэн жендэрийн дүрүүд нь өөр бэлгийн чиг хандлагатай, өөр хүйстэй хүмүүст дарамттай болж ирсэн. Үүнийгээ дагаад шинэ жендэрүүд болон жендэрийн дүрүүдийг эвдэгчид гарч байна. Жишээ нь трансжендэр, cross dresser, transvestite гэх мэт...
Үүгээр зогсохгүй эр эм гэсэн дүр нь хетеросексуаль эрэгтэй эмэгтэй хүйсийн хүмүүст ч дарамттай болж ирсэн.
Жэндэрийн ямар ч дүрийг сонгохыг хүсэхгүй байгаа хүмүүс өөрсдийгөө Queer хэмээн нэрлэх болжээ.
Маш олон тохиолдолд хүмүүс манин болон трансжендэр хүмүүсийг нэг гэж боддог харин энэ 2 ойлголт бол өөр өөр ойлголтууд юм. Нэг нь биологийн нөгөө нь нийгмийн ойлголт.
Жендэрийн төрлүүдийн зураглал :
Тайлбар: эр, эм жендэр нь эрс ялгаатай. трансжендэр нь өөртөө эр, эм шинжийг агуулаад зогсохгүй өөрийн гэсэн шинэ төрхийг бий болгосон. Queer нь аль ч жендэрийн хэв маягт орохыг хүсдэггүй.
Бэлгийн чиг хандлага :
Бэлгийн чиг хандлагыг хүн сонгох боломжгүй энэ нь яг хүйстэй адилхан төрөлхөөс заяадаг.
Хетеросексуаль буюу эсрэг хүйстэндээ татагддаг, хомосексуаль буюу ижил хүйстэндээ татагддаг, бисексуаль буюу эсрэг болон ижил хүйстэндээ татагддаг гэсэн үндсэн 3 төрөл байдаг. Хүн энэ чиг хандлагуудын алинд ч төрж болно.
Олон хүн бэлгийн чиг хандлагын талаар мэдээлэлгүйгээсээ болоод хомо болон бисексуал бэлгийн чиг хандлагыг гаж дон гэж боддог. Ямар нэгэн дон олдмол бөгөөд хүн өөрөө сонгодог харин бэлгийн чиг хандлага нь төрөлхийн байдаг учраас сонгох боломжгүй юм.
Хүйс, жэндэр, бэлгийн чиг хандлагын талаар маш товч мэдээлэл өгөхөд ийм байна. Энэ сэдэв нь өөрөө маш том сэдэв юм. Хэрвээ цааш судалвал маш сонирхолтой асуудлууд гарч ирдэг.
Би энэ мэдээллүүдээрээ хэрвээ хэн нэг нь чамаас өөр хүйс, өөр жендэр, өөр бэлгийн чиг хандлагатай байгаа нь тэднийг ялгаварлах шалтгаан бишээ гэдгийг ойлгуулахыг хичээлээ.
Эрх чөлөөт нийгэм нь хүмүүст ямар хүйс, жендэр, бэлгийн чиг хандлагтай байхаасаа үл хамааран ижил тэнцүү сайхан амьдрах, бие биенээ ойлгох эрх чөлөөг өгдөг.