Friday, August 30, 2013

Чөлөөт зах зээл


Мюррей Н. Ротбард


Монголд анх удаа Америкын эдийн засагч, улс төрийн онолч, 20-р зууний агуу 5 либертари сэтгэгчийн нэг Мюррей Н. Ротбард -н бүтээлийг монгол хэл дээр өөрийн блогоос та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна. 

“Чөлөөт зах зээл” гэдэг нь нийгмийн амьдралд тохиолдох маш олон төрөл хэлбэрийн арилжаа, гүйлгээ, солилцоо зэргийг бүхэлд нь хамрах өргөн хүрээтэй ойлголт мөн. Хоёр хувь хүн, эсвэл бүлэг хүмүүс хоорондоо юмуу эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан сайн дураараа тохиролцож, солилцоо хийдэг. Эдгээр хувь хүн (эсвэл төлөөлөгч) хоорондоо биет бараа бүтээгдэхүүн эсвэл биет бус үйлчилгээгээ солилцож болно. Тухайлбал, би 50 центээр нэг сонин худалдаж авахад, тухайн сонин борлуулагч хүн бид хоёр хоорондоо хоёр зүйлсийг сольж байна гэсэн үг: Би өөрийн 50 центээ өгч, оронд нь сонингийн борлуулагч надад сонингоо өгч байна. Эсвэл ямар нэгэн компанид ажиллаж байна гэж бодвол, өөрийн хөдөлмөрөө үнэлүүлж, хөдөлмөрлөснийхөө төлөө тохиролцсон ёсоор цалин авч байна гэсэн үг; энэ тохиолдолд тухайн компанийг хүний нөөцийн менежер (төлөөлөгч) нь төлөөлж болно.
Хоёр тал уг солилцооноос ашиг олно гэж үзэж байгаа болохоор энэ хэлцлийг хийж байгаа юм. Мөн аль аль талынх нь хувьд энэхүү таамаглал нь зөв (эсвэл буруу) байсан эсэхээс шалтгаалан дараагийн удаа ийм солилцоо  хийх эсэхээ шийднэ. Худалдаа буюу солилцоо гэдэг нь хоёр талдаа ашигтай байх хэрэгтэй; Талууд ашиггүй гэж үзэж байвал солилцоонд орохоос татгалзана.
Энэхүү энгийн тайлбар нь 16-18 зуунд Европ тивд дэлгэрч байсан ба 16-р зууны үеийн Францын зохиолч Монтений хамгаалж байсан “меркантилист” үзэл бодлын зүгээс чөлөөт худалдааны эсрэг дэвшүүлж байсан санааг дараах маягаар няцаажээ. Меркантилистуудын үзэж байснаар аливаа худалдаа наймаанд нэг тал нь зөвхөн нөгөө талыг хохироох замаар ашиг олдогаливаа гүйлгээнд хожигч, ялагдагч, мөлжигч, мөлжигдөгч заавал байх ёстой. Өнөөг хүртэл түгээмэл байдаг энэ санааны алдаа нь энд шууд  харагдана: Худалдаа хийх хүсэл сонирхол байна гэдэг нь хоёр тал хоёулаа хожиж байгааг илэрхийлж байна гэсэн үг. Орчин үеийн тоглоомын онолын томъёоллоор бол, худалдаа арилжаа нь аль аль талдаа ашигтай нөхцөл буюу “win-win” нөхцөл, харин “тэг нийлбэртэй тоглоом” буюу “нэг нь хожиж нөгөө нь ялагдах” эсвэл “сөрөг нийлбэртэй” буюу ”хоёр тал хоёулаа хохирох” тоглоом биш юм.
Солилцооноос яаж хоёр тал хождог вэ? Хүн бүр аливаа бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг өөр өөрөөр үнэлдэг тул энэхүү зөрүү нь солилцоо хийх боломжийг бүрдүүлдэг. Тухайлбал, надад мөнгө байна, сонин алга; сонин борлуулагчийн хувьд хангалттай олон сонин хэвлэл бий ч оронд нь харин мөнгө авах сонирхол байна. Иймд, бие биенээ олсон тэд удахгүй тохиролцоонд хүрнэ.
Аливаа хэлцлийн нөхцлийг хоёр зүйл тодорхойлдог: оролцогч бүр солилцож байгаа зүйлсийг хэрхэн үнэлж байгаа нь, мөн оролцогч бүрийн наймаалцах авьяас чадвар. Нэг сонинг хэдэн центээр зарах вэ гэдэг юмуу эсвэл Мики Мэнтл гэдэг алдарт бейсболчны зурагтай карт хэдэн ширхэгийг Бэйб Рут гэдэг алдарт бейсболчны зурагтай нэг картаар солих вэ гэдэг нь сонингийн эсвэл бейсболын зурагтай картын зах зээлийн оролцогч бүрээс шалтгаална—тэр хүн уг картыг бусад худалдан авч болох бараа бүтээгдэхүүнтэй харьцуулбал хэрхэн үнэлж байгаагаас энэ нь хамаарна гэсэн үг. Эдгээр солилцоо хийх нөхцлийг “үнэ” (сонингийн хувьд мөнгөөр илэрхийлэгдэнэ, бейсболын зурагт картын хувьд тухайн тамирчны зурагтай хэдэн ширхэг карт нь өөр нэг тамирчны зурагтай картаар солих харьцаагаар илэрхийлэгдэнэ) гэх бөгөөд энэ нь худалдан авагч нар эдгээр зүйлсийг хэрхэн үнэлж байгаагаас хамааран зах зээл дээр борлуулагдах хэдэн сонин эсвэл бэйсболын зурагт карт байгаа вэ гэдгийг  эцэст нь тодорхойлдог—өөрөөр хэлбэл, энэ нь эдгээр барааны эрэлт,  нийлүүлэлтийн харьцаанаас хамаарна гэсэн үг.
Тухайн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтмол байх үед, худалдан авагч нарын хувьд уг барааны үнэ цэнэ нь нэмэгдвэл, түүний эрэлт нь өсч, түүнийг худалдан авахад зарцуулах хөрөнгө мөнгө нэмэгдэж, үүнийг дагаад тухайн барааны үнэ нь өсдөг. Тухайн барааны үнэ цэнэ нь буурч байвал, эрэлт нь буураад үнэ нь ч түүнийг дагаад унана. Харин тухайн барааны үнэ цэнэ эсвэл эрэлт хэрэгцээ нь тогтмол байхад, түүний нийлүүлэлт нэмэгдвэл, нэгж бүрийн – сонингийн эсвэл зурагтай картын-үнэ цэнэ нь буурч, бараа бүтээгдэхүүний үнэ нь багасна. Нийлүүлэлт нь буурах үед, үнэ нь эсрэгээр нь өсдөг.
Зах зээл гэдэг нь тэгэхээр зүгээр нэг солилцооны талбар биш; энэ нь маш нарийн, хоорондоо уялдаатай гүйлгээ, солилцоонуудын нарийн бүтэцтэй торон сүлжээ юм. Хүй нэгдлийн үеийн нийгэмд, солилцоо бүр бартерын буюу бараа солилцооны аргаар явагддаг байж. Хоёр хүн шууд ашиглагдах бараа бүтээгдэхүүнийг хоорондоо солилцдог, тухайлбал морийг үнээгээр эсвэл нэг тамирчны зургийг өөр зургаар солино. Харин нийгэм хөгжиж ирэх тусам, харилцан ашигтай, шат дараалал бүхий үйл явцын үр дүнд аль нэг эсвэл хоёр өргөн хэрэглэгддэг, үнэ бүхий зүйлсийг зах зээлд солилцооны шууд бус хэрэгслээр сонгодог. Энэ зүйлсийг мөнгө гэж нэрлэнэ, энэ нь ихэвчлэн алт эсвэл мөнгө байдаг, гэхдээ заавал энэ хоёр байх албагүй. Тэгэхээр зөвхөн мөнгөний төлөө биш, өөр хэрэгтэй зүйлсээр солилцох үйл явцыг түргэвчлэх үүднээс үнэлдэг. Тухайлбал, хар төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдад цалин хөлсийг төмрөөр биш, мөнгөөр төлж, харин тэр мөнгөөрөө тэд дуртай зүйлээ худалдан авч байвал илүү тохиромжтой байдаг. Тэд нарын хувьд өөрсдийн туршлага, мэдлэг дээр үндэслэж энэ мөнгийг тухайн нийгмийн хүн бүр мөн л аливаа солилцоонд адил хүлээж авна гэдгийг мэддэг учраас мөнгийг цалин хөлсний оронд авахыг зөвшөөрдөг.
Орчин үеийн зах зээл бол бараг хязгааргүй солилцоо, гүйлгээний сүлжээ гэж тодорхойлж болохоор бөгөөд мөнгийг хэрэгсэл болгодог. Хүн бүр өөрийн мэргэжлээрээ ажиллаж, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хуваарилалтад оролцох буюу өөрийн хамгийн сайн хийж бүтээж чадах зүйлээрээ дагнаж ажилладаг. Үйлдвэрлэл нь байгалийн нөөцөөс эхэлж, төрөл бүрийн машин тоног төхөөрөмжөөр дамжин, эцсийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр хэрэглэгчид борлуулдаг. Байгалийн нөөцөөс хэрэглээний бараа хүртэлх үйлдвэрлэлийн үе шат бүр дээр мөнгийг үндсэн хөрөнгө, хөдөлмөр, газрын нөөц зэргээр сайн дурын үндсэн дээр солилцдог. Шат бүр дээр, нийлүүлэгч, хэрэглэгч нар хоорондоо сайн дурын харилцаанд орж, солилцооны нөхцөл буюу үнийг тодорхойлдог. Шат бүр дээр эдгээр сонголтуудыг чөлөөтэй, сайн дураараа хийдэг тул энэ зах зээлийг “чөлөөт зах зээл” гэж үздэг.
Чөлөөт зах зээл болон чөлөөт үнийн тогтолцоо нь дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэгэж буй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хүртээл болгодог. Бас чөлөөт зах зээл нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд нөөц бололцоогоо оновчтой хуваарилж, хөрөнгөө зарцуулах хамгийн өргөн боломжийг бизнес эрхлэгч нарт олгодог. хуримтлал ба хөрөнгө оруулалт үүний үр дүнд бий болж, үндсэн хөрөнгөтэй болж, бүтээмж дээшилснээр ажилчдын цалин хөлс түүнийг нь дагаж өсөөд, ажилчдын амжиргааны түвшин өсөн нэмэгдэнэ. Чөлөөт өрсөлдөөнтэй зах зээлд технологийг болон шинэчлэлийг урамшуулдаг бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээг шинэ, бүтээлч аргаар хангаж эхлэхэд нь зохион бүтээгч хүнд давуу тал олгодог.
Хөрөнгө оруулалтыг урамшуулахаас гадна, үнийн тогтолцоо, ашиг-алдагдлын зах зээлийн урамшууллын механизмууд үндсэн хөрөнгөд зарцуулах хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг зохих зам рүү чиглүүлж байдаг. Энэхүү нарийн торон сүлжээ нь харилцан уялдаж, зах зээлийн тэнцвэрт хүрчболдог тул, үйлдвэрлэлийн системийн аль ч хэсэгт аливаа гэнэтийн, төлөвлөгдөөгүй болон зохисгүй хомсдол, илүүдэл гаргахгүйгээр ажилладаг.
Гэхдээ солилцоо бүр заавал чөлөөтэй байх албагүй. Зарим нь албадлагын чанартай байдаг. Хэрэвээ дээрэмчин хүн танд, “Мөнгөө өг, эсвэл чамайг ална гэвэл, тухайн төлбөр нь хүчирхийллийн улмаас гарсан, сайн дураар хийгдээгүй төлбөр болох бөгөөд тэр нь таныг хохироож, дээрэмчин өөрөө хожиж байна гэсэн үг. Иймд чөлөөт зах зээл биш, харин дээрэм нь меркантилист загвараар явагддаг гэсэн үг: дээрэмчин хожиж, хүчирхийлэлд өртсөн хүн хохирно гэсэн үг. Дарлал, мөлжлөг бол чөлөөт зах зээл дээр биш, харин хүчирхийлэгч хохирогчийг хохироож байгаа үед гардаг. Урт хугацаанд, хүчирхийлэл, албадлага бол сөрөг нийлбэртэй тоглоом бөгөөд энэ нь үйлдвэрлэл, хуримтлал, хөрөнгө оруулалтын түвшинг бууруулж, үндсэн хөрөнгийг үрэгдүүлэн, бүтээмж болон хүн бүрийн амжиргааны түвшинг бууруулдаг, магадгүй уг хүчирхийлэгч өөрөө ч эцсийн дүнд хохирно.
Аливаа нийгэмд зөвхөн төрийн албадлагын тогтолцоо нь хууль ёсны байдаг. Татвар бол албадлагын солилцоо мөн бөгөөд үйлдвэрлэлд ногдуулсан татварын дарамт өндөр байх тусам, эдийн засгийн өсөлт гацаж унах магадлал өндөр байдаг. Төрийн албадлагын зарим хэлбэр нь (жишээлбэлүнийн хяналт эсвэл зах зээлд шинэ өрсөлдөгч орж ирэхийг хязгаарлах) зах зээлийн солилцоог хавчих, саад болох үр дагавартай, харин зарим нь (хуурмаг үйл ажиллагааг хориглох, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сахиулах) сайн дурын солилцоог дэмжиж болно.
Төрийн албадлагын туйлширсан хэлбэр бол социализм. Социалист төвлөрсөн төлөвлөлтийн тогтолцоонд, төлөвлөгөөний байгууллагад ашиглаж болох газрын эсвэл үндсэн хөрөнгийн үнийн тогтолцоо байдаггүй. Роберт Хэйлбронер мэтийн социалистууд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Социалист эдийн засагт төлөвлөгөөний комисст үнэ, өртгийг зөв тооцоолох эсвэл үйлдвэрлэлийн сүлжээг тэнцвэрт байдалд хүргэх маягаар хөрөнгө оруулах арга байдаггүй. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын туршлагаас харахад, ургац сайн хураасан ч, дэлгүүрүүдэд түүнийгээ хүргэж чаддагүй байлаа, энэ нь орчин үеийн нарийн эдийн засгийг чөлөөт зах зээлгүйгээр ажиллуулах боломжгүйг тод харуулж байна. Хураасан ургацыг ачиж зөөх, түүнийг тээрэмд хүлээн авч боловсруулах, цаашдаа бусад бүх үе шатуудаар дамжуулан гурилыг Москвагийн эсвэл Свердловскийн эцсийн хэрэглэгч рүү хүргүүлэхэд шаардагдах үнэ, өртгийг зөв тооцоолох ямар ч урамшуулал эсвэл арга зам байгаагүй. Иймд улаан буудайг ургуулахад зарцуулах хөрөнгө оруулалт бараг бүтнээрээ үргүй зарцуулагддаг байлаа.
Зах зээлийн социализм бол өөрөө утгагүй ойлголт. Зах зээлийн социализмын тухай ярих дуртай байдаг хүмүүс зах зээлийн нэгэн чухал хэсгийг мартдаг: Хоёр барааг хоорондоо солилцоход, бодит утгаараа эдгээр бараа бүтээгдэхүүний эзэмшлийн эрхийг хоорондоо солилцож байдаг юм. Би тавин центээр сонин худалдаж авна гэдэг нь худалдагч бид хоёр эзэмшлийн эрхээ солилцож байна гэсэн үг: би өөрийнхөө 50 центийг эзэмших эрхээ сонин борлуулагчид өгч, харин тэр өөрийнхөө сонингоо эзэмших эрхээ надад өгч байгаа юм. Яг ийм үйл явц байр орон сууц худалдан авахад гардаг. Ганц ялгаа нь гэвэл сонин борлуулах нь арай албан бус маягаар хийгддэг тул орон сууц шилжүүлэх баримт, нотариатаар баталгаажуулсан гэрээ, үл хөдлөх хөрөнгийн зууч, хуульч, брокер зэргийг оролцуулсан нарийн үйл явцыг ашиглахгүй байж болдог. Гэхдээ эдгээр хоёр гүйлгээний эдийн засгийн мөн чанар нь ижил байна.
Иймд, чөлөөт зах зээл оршин тогтнож хөгжих суурь үндэс бол хувийн өмчийн эрх, эрхийн бичгийг хүндэлж, хамгаалж, аюулгүй хадгалдаг нийгэм гэдэг нь ойлгомжтой. Харин социалист нийгмийн суурь үндэс нь үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, газар, үндсэн хөрөнгийг нь төрийн эзэмшилд байлгах дээр тогтдог. Социалист нийгэмд газар эсвэл үндсэн хөрөнгийн ямар ч бодит зах зээл үүсгэх боломжгүй гэсэн үг.
Чөлөөт зах зээлийг заримдаа өмчийн эрх нь хүнийэрхтэй зөрчилддөг гэж шүүмжилдэг. Гэхдээ эдгээр шүүмжлэгчид чөлөөт зах зээлийн тогтолцоонд хүн бүр өөрийгөө болон өөрийн хөдөлмөрөө өмчлөх эрхтэй бөгөөд чөлөөтэй хөдөлмөрийн гэрээнд орох боломжтой гэдгийг сайн ойлгодогүй. Боолчлол бол боол хүний хувьд өөрийгөө болон өөрийн хөдөлмөрөө өмчлөх эрхийг нь үгүйсгэдэг, энэ эрх нь аливаа хүн бусад материаллаг зүйлсийг эзэмших суурь үндэс мөн билээ. Түүнчлэн, өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх эсвэл өөрийн гэрээ өмчлөх хувь хүний эрх гэх мэт бүх эрх бол ялгаагүй л хүний эрх байдаг.
Чөлөөт зах зээлийн нийгмийг бас  ширэнгийн хуулийгбий болгодог, хүн бүр өөрөө хичээх зарчмыг баримтладаг, энэ нийгэмд хүмүүс хамтран ажиллахаас илүү өрсөлдөөнийг илүү эрхэмлэдэг, баяжихыг оюун санааны үнэт зүйлс, гүн ухаан, амралт зугаалгаас илүү үнэ цэнэтэй гэж үздэг хэмээн ихээхэн шүүмжилдэг. Харин эсрэгээр нь, ширэнгийн хууль бол албадлага, хулгай дээрэм, сорон мөлжлөгийн нийгэмд, хүний амьдрал, амжиргааны түвшинг устгаж үгүй хийдэг нийгэмд л бодит ёсоор үйлчилдэг. Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нарын хоорондын зах зээлийн тайван өрсөлдөөн бол жинхэнэ утгаараа хамтын үйл ажиллагааны үйл явц мөн бөгөөд үүнд оролцогч хүн бүр хожиж амжиргааны түвшин нь ч маш өндөр байдаг. (чөлөөт бус нийгэмтэй харьцуулахад). Харин чөлөөт нийгэм гарцаагүй баяжиж хүн амд маш хангалуун амьдрах боломжийг олгодог тул бид бусад нийгэмтэй харьцуулбал илүү их чөлөөт цаг эдлэх, оюун ухааны чадвараа хөгжүүлэх өргөн боломжтой байдаг билээ. Харин албадлага, хүчирхийллийг эрхэмлэдэг, зах зээлийн үйл ажиллагаа байхгүй эсвэл хязгаарлагдмал байгаа нийгэмд – 20-р зуунд үүний тод жишээ нь коммунист улс орнууд байсан өдөр тутмын амьдрал нь байнгын дарамт, бэрхшээл дүүрэн, улмаар энэ нь ард түмнийг ядууралд оруулаад зогсохгүй тэдний оюун ухааныг ч “мансууруулахад” хүргэдэг байлаа.

Monday, May 6, 2013

Архи уух сайхан

                                                                   (Баабарын энэ нийтлэлийг хүмүүс дахин уншаасай)

Архидан согтуурах нь нийгмийн үзэгдэл болохыг олон жилийн өмнө тогтоожээ. Гэмт хэрэг, биеэ үнэлэх, архидан согтуурах зэрэг нь нийгмийг хамарсан үзэгдэл болж буйн цаад шалтгаан нь өөр юу ч биш, чухам ядуурал, ажилгүйдэл, гуйранчлал аж. Будда бурханы сургаснаар алив зовлонгийн үр дүнтэй бус гагцхүү зовлонгийн шалтгаантай тэмцэх ёстой ажгуу. Бурхан Буддагийн сургаснаар ч, өнөөгийн иргэншсэн олон нийгмүүдийн авч буй арга хэмжээний үр дүнгээс ч харсан хэрэвзээ архидан согтуурах нь нийгмийг хамарсан зовлон болсон бол түүний цаад шалтгаан болох ядуурал гуйранчлалыг арилгах ёстой болой.
Архидалт нийгмийн хавтгай 
үзэгдэл болуут зовлонгийн шалтгаантай биш үр дүнтэй тэмцсэн түүх дэндүү баялаг. 1917 онд америкчууд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байгаад л архийг хорив. Үүний дараа энэ хуулийг санаачлагчдын нэг Сандэй гэгч “Нулимс хатлаа, ядуу хороолол зөвхөн дурсамж болов. Шоронг дэлгүүр, хорих газрыгүйлдвэр болгож хувиргана. Хүмүүс нүүр бардам, хүүхнүүд инээдтэй, хүүхдүүд хөөр наадамтай. Там нэгэнт ашиглалтаас гарч “түрээслэнэ” гэсэн бичиг хаалган дээрээ наажээ” гэж хууль хэрэгжсэний дараахи амьдралыг итгэл төгс мөрөөдөж байлаа. Бүх юм эсрэгээр эргэсэн. Мафи цэцэглэж, хууль бус орлоготнууд олширч, нийгэмд гэмт хэрэг, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч, биеэ үнэлэх, хулгай дээрэм хэрээс хэтрэв. 1929 оны хямрал нэмэлт цохилт болон Америк орон сүйрлийнхээ ирмэгт тулсан хойно ингэж тас хорьж мангартаж болдоггүй юм байна” хэмээн хууль тогтоогчид ойлгож хуулиа цуцалжээ.
Горбачевийн перестройкаг ганц гутаасан з
үйл нь түүний архитай тэмцсэн явдал. Мянган жил ургасан усан үзмийн талбайг устгаж хүүхдийн тоглоомын талбай болгож байв. Манайд үүнийг дуурайж мөн ч хөгөлсөн дөө. Тэр үеийн архины оочирын гэрэл зураг ч хадгалагдан үлдэж. Архигүй хурим хийвэл албан газар нь байр өгнө, байрны төлөө ийм марзан ёслол энд тэнд үйлдэх боловч тэр хэрээрээ элбэг байр гэж хаа байх билээ. Чухам тэр үед монголчууд гэртээ самагон, бараашиг эсгэж сурцгаасан. Нүүр арчих зориулалттай “Лосьен” хэмээх шингэн дэлгүүрийн лангуунаас агшин зуур алга болж улаан архичидын биш зүгээр л хааяа балгачихдаг энгийн хүмүүсийн ходоод руу юүлэгдсэн. Сүүлд нь толоноор өрхүүдэд архи олгох болж сардаа байтугай жилдээ архи авдаггүй айл энэхүү нандин ховор зүйлийг картаар хэдэн шилээр нь авч баяр хөөр болдог боллоо.
Ядуурал нь архидан согтууралын эцэг. 
Үүний үнэн болохыг бид ерээд оны эхээр харсан. Улс даяараа найган ганхаж байлаа, дэлгүүрт давснаас өөр юу ч үгүй. Гэхдээ лүргэлж согтуу байх архи яаж ийгээд л бүгдэд нь олдоно. Ерээд оны дундаас хойш архидалт их гайгүй болсон. Харин сүүлийн гурван жилд дахин өсөх хандлагатай боллоо. Үүнийг статистикийн тоо баримтаас харж болно. Энэ хооронд зөвшөөрөлтэй архины үйлдвэр хоёр гурав дахин олон болжээ. Архитай тэмцэх бүр архидалт нэмэгдээд байгаа хачин гэмээр хамаарал харагдаад байгаа биз!
Архидалттай (ганц энэ биш, ер нь алив с
өрөг үзэгдэлтэй) шууд халз тулан хориглон тэмцэх нь уул тэмцэгчид хэд хэдэн том ашиг унагадаг зүй тогтолтой. Юу түрүүн уул тэмцэгчийн нэр хүндийг богино хугацаанд богино настайгаар өсгөнө. Ард түмэн, эх орон, тив дэлхий, галактикаа хүртэл хайрладаг, түүнийхээ төлөө хайран сайхан амиа яйран болгосон ч тоохгүй гэсэн нийгмийн үнэлэмж хурдан тогтоно. Ялангуяа ухамсар дорой нийгэм ийм зүйлд нүдэнд харагдсанаараа дүгнэх болохоос анализ дүгнэлт, гарахүр хорыг тооцоолж чаддаггүй. Хоригийн үр дүнд эргэлзсэн хэн нэгэн рүү мөнөөх цогт тэмцэгч “нийгмээ архинд живүүлж устгах холын бодолтой шаар” гэх зэргээр хашгичин хараах ба энэ нь хоцрогдсон нийгэмд тэмцэгчид бүр илүү оноо үнэлгээ авчирч өгөхийг нь яана.
Хоёр дахь ашиг нь шууд эдийн засгийн шинжтэй. Хориглон чандлахаар шулуудсан тэмцэгч маань ихэнхи тохиолдолд хуулийн хэрэгжилтийг хянагч буюу лиценз з
өвшөөрлийг олгогч зохицуулагч болон хувирна. Үүнээ дагаад түүний гарт урьд хэнд ч байгаагүй өвөрмөц эрх мэдэл ороод ирнэ. Энэхүү онцгой эрх мэдэл нь тэмцэгч буюу тэмцэгчдэд хууль бус орлогын ундрага болж өгнө. Чухам түүнээс л асууж, түүнээс л гуйж байж аяга тагш юм олно, эсвэл мөнөөх хориог зөрччихсөн бол тэр л өршөөж чадна. Архи, пиво, спирт зэрэг найман нэрийн бараа борлуулах онцгой лецензийн эрхийг До яамны сайдын эхнэр хариуцдагийг хэлэх нь илүүц биз.
Шууд хорио анх ярьж сурталчилсаны эсрэг 
үр дүн өгөх нь өөрөө нийгмийн хууль. УИХ сая үдэш архи зарах түгээхийг хуулиар чандалчихлаа. Гэвч хэн ч шөнийн хоёр цагт бааранд коко кола уух гэж ордоггүй учраас эрсэнээ олж л таарна. Энэ үйлдэл нь хууль бус учраас өөр үнэ, өөр ёс суртахууны төвшинд явагдана. Хууль зөрчсөн хэрэгт эцэст нь нийгэмд хэзээ ч гай болдоггүй хүмүүс өртөнө, харин гэмт үйлдэлтнүүд орлогын шинэ сайхан үүсвэртэй болж улам хөлжинө. Иймээс спирт архи үйлдвэрлэгчид, борлуулагчдад хориглосон хууль илүү сайхан бололцоо олгодог. Нэгэнт ядуурал лавширч байгаа учраас нийгмийн архидан согтууралт улам л гүнзгийрэнэ, харин эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал гэх мэтийн амин чухал асуудал нь хяналтаас гараад явчихана.
“Архи уудаг х
үн адгийн амьтан, архи уудаггүй бол түүнээс ч дор” гэж нэрт яруу найрагч Цэдэндорж агсан нэг удаа шүлэглэж билээ. Архи уух сайхан, архигүйгээр чин сэтгэлийн яриа, найр хурим, баяр ёслол будаа. Гэвч архины хор хөнөөлийг донтон ч ойлгоно. Нийтээрээ ажил амьдралаа орхин архидвал нийгэм өөрөө сөнөж мөхөхийн цондон. Ухамсартай нийгэм ийм аюулаас сэргийлж удаан хугацааны, шат дараалсан, үр дүн нь гарахуйц нарийн арга хэмжээ авдаг. Скандинав нь уламжлалаараа архи хэрэглэх дуртай ертөнц. Шведэд 1972 онд “1972 оноос хойш төрсөн хүмүүсийг архи тамхинаас хол байлгах удаан хугацааны хөтөлбөр” гэж гарчээ. Одоо хөтөлбөрт хамаарагсадын түрүүч нь аль хэдийнээ гуч гарсан. Дунд нь ноогдох архичдын хувь процент хавьгүй бага. Чухам үүнийг л эх орон ард түмэнээ хайрласан жинхэнэ эрүүл ухаан гэх байх. 


Baabar