Monday, November 19, 2012

ЛЕОНАРД Э.РИД “БИ ХАРАНДАА” ЭССЕ



Чөлөөт зах зээлийн зарчмыг энгийн, оновчтой тайлбарласан гэдгээрээ ихэд алдаршиж, өдий болтол уншигдаж, ишлэгдсээр байгаа энэхүү эссег Америкийн эдийн засагч, Эдийн засгийн боловсролын санг (The Foundation of Economic Education) үүсгэн байгуулагч Леонард Э.Рид бичиж, 1958 онд анх удаа хэвүүлж байжээ.
­­­­­­­__________________________________________________________
Би уншиж, бичиж чаддаг охид, хөвгүүд, томчуудын сайн мэдэх энгийн л нэг модон, баллууртай харандаа.[1] Бичнэ гэдэг миний хүсэл сонирхол, гарамгай хийдэг ажил.
Ямар учраас би өөрийн гарал үүслээс эхлээд бичих болов гэдгээ танд удахгүй тайлбарлана. Юуны өмнө миний түүх тун сонирхолтой гэдгийг хэлмээр байна. Би ургамал мод, нарны туяа, аянга цахилгаанаас ч илүү нууцлаг, сонирхолтой. Даанч харандаа хэрэглэгчид намайг гарал угсаагүй жирийн л нэг эд зүйл гэж үздэг нь харамсалтай. Ийм хэнэггүй байдал намайг байдаг л нэг аар саархан зүйлийн хэмжээнд аваачихыг яана. Энэ бол цаашид удаан үргэлжилбэл аюул занал дагуулах хүн төрөлхтний эмгэнэлт алдаа юм. Ухаант Ж.К Честортон нэгэнтээ “Бид өдөр тутам тохиодог гайхамшгийг анзаардаггүй аталаа огт тохиохгүй гайхамшгийг хүлээж суудаг” гэжээ.
Би энгийн нэг харандаа шиг харагддаг боловч гайхал, бишрэлийг тань төрүүлэх шинж чанараа одоохон танд нотлон харуулъя. Үнэнийг хэлэхэд та намайг ойлгох аваас-үгүй дээ, ингэвэл хэтэрхий их зүйл шаардсан хэрэг болно-та миний дотор агуулагдах ид шидийг ухаарах аваас хүн төрөлхтний зугуухнаар амь тавьж буй эрх чөлөөг аврахад туслах юм. Тиймээс би нэгэн чухал хичээл заая. Машин, онгоц, аяга угаагчтай харьцуулбал би хүмүүст хавьгүй энгийн сэтгэгдэл төрүүлдэг тул хичээл маань ч танд ойлгомжтой санагдах биз.
Яагаад би тийм энгийн санагддаг хэрэг вэ? АНУ-д л гэхэд жил бүр намайг 1.5 тэрбум хувиар үйлдвэрлэн гаргадаг хэрнээ энэ дэлхий дээрх ганц ч хүн намайг хэрхэн бүтээдгийг мэдэхгүй. Гайхмаар сонсогдож байгаа биз?
Нүдэндээ ойртуулж бариад намайг сайн хар даа. Танд юу харагдаж байна? Жаахан мод, лаак, хэвлэмэл шошго, бал чулуу, төмөр, баллуураас өөр онц гойд зүйл алга уу?

Ярвигтай угсаа гарал
Та ураг овгийн хүмүүсээ бүгдийг мэдэхгүйтэй адил би ч гэсэн удам судрынхнаа нэг бүрчлэн нэрлэн танилцуулж чадахгүй. Гэхдээ би өөрийн баялаг, ээдрээт угсаа гарлаараа таныг гайхшруулах үүднээс хангалттай ихийг өгүүлэх болно оо.
Миний угсаа гарал модноос эхтэй, хойд Калифорниа болон Орегонд ургадаг үрийн царс мод. Царс модыг огтолж, гуалин болгоод төмөр зам хүртэл тээвэрлэхэд тоног төхөөрөмж, хөрөө, олс дээс, ачааны машин гээд есөн шидийн зүйл хэрэг болдог. Хүдэр олборлох, төмөр гаргаж авах, өнөөхөөрөө хөрөө, алх, мотор хийх, олс тариалах, түүхий олсыг бат бөх олс болгон хувиргах олон шат дамжлага, үйлдвэрийн ажилчдын байрлах байр, хоол  унд гээд үйлдвэрлэлд хэрэглэгддэг тоолохын эцэсгүй олон тоног төхөөрөмж, хүн хүчийг бодоод үзээрэй. Мод бэлтгэгчдийн гарт халуунаараа савсаж байдаг кофег аваад үзэхэд л хичнээн их тоо гарахыг хэлж мэдэхгүй.
Өнөөх гуалингаа Калифорнийн Сан Лэндрод байрлах үйлдвэрт тээвэрлэн хүргэнэ. Тэгж тээвэрлэх явцад шаардагдах машин, төмөр зам, авто хөдөлгүүрийг хийж, дэд бүтэц, зам харилцааг барьж босгосон хүмүүсийг нүдэндээ харах гээд үз дээ?
Сан Лэндрогийн үйлдвэрт өнөөх гуалингуудыг дөрөвний нэг инчээс ч бага зузаантай харандаан чинээ урттай жижиг хэсэг болгон хуваана. Тэгээд халуун зууханд хатааж, эмэгтэйчүүд нүүрэндээ энгэсэг нялдагтай адил надад будаг түрхэнэ. Зэвхий цагаан биш аятайхан өнгөтэй байвал хүмүүс надад илүү дуртай байдаг. Дараа нь цавуу түрхээд ахиад хатаана. Будаг, зуух, хэрэгтэй дулаан, цахилгаанаар хангах, туузан дамжуурга, мотор гээд үйлдвэрлэлд шаардлагатай бусад зүйлсийг бий болгоход хичнээн их хөдөлмөр ордог бол? Тийм ээ, үйлдвэрийг цахилгаанаар хангаж байгаа Цахилгаан, дулааны компанийн барилгын суурийг цутгасан ажилтныг оруулаад шүү дээ!
Яг энэ мөчид холын холд миний төрөл нэгтнүүдийг гуалин болгон ачсан 60 машин улс даяар хөлхиж байгааг мартаж болохгүй.
Тоног төхөөрөмж, барилга байшин, урсгал зардал, миний эцэг эхийг аврах \мод тарих үйл ажиллагаа\ гээд 4,000,000 ам.доллар шаардагддаг харандааны үйлдвэрт жижиг хэсэг болгон хуваасан хоёр хавтангийн голд цавуу түрхэж, бал байрлуулсны эцэст түүнийгээ хүнд механизм бүхий машинаар 8 хэсэг хуваана. Би болоод миний 7 ах ингэж 8 хэсэг болон салдаг юм.
Миний доторх бал гэхэд л бал биш байсан гээд өөр нэг ярвигтай түүх өгүүлж болно. Бал чулууг Цейлоноос олборлодог. Уурхайн ажилчид, тэдний багаж төхөөрөмж, бал чулууг тээвэрлэхэд зориулж хийсэн цаасан хайрцаг, боодлыг хийсэн хүмүүс, ачаа зөөгч, усан онгоц зохион бүтээгчдийг та бодоод үзээрэй. Эргийн харуул, гэрэлт цамхагын дохио өгөгч ажилчин хүртэл намайг бий болох явцад оролцдог.
Бал чулууг гидроксит аммониар ариутгасан Миссипигийн шавартай хольдог. Дараа нь хүхрийн хүчилтэй химийн аргаар нэгдэлжүүлсэн амьтны өөх зэрэг шингэлэгч бодисууд нэмнэ. Хэд хэдэн дамжлага дамжиж, хатааж, цельсийн 1080 хэмд олон цагаар жигнэгдсэний эцэст өнөөх холимог зайдсан талх шиг хэлбэртэй, хатуу биет болон хувирна. Бат бөх, гөлгөр чанарыг нь сайжруулах үүднээс бэлэн болсон балыг Мексикийн зөөлөн лав, хатуу парафин, устөржүүлсэн өөхны халуун холимогтой нэгтгэдэг.
Надад бас 6 давхар лак түрхдэг. Та лаканд юу юу ордгийг мэдэх үү? Лакны найрлагад тосон туулга, үрсүүлгийн буурцаг байдаг гэж хэн санах вэ дээ? Гэвч бүгд үнэн. Цаашлаад лакийг давхарлаж цэвэрхэн түрхэхэд хичнээн их чадвар шаардагдана гээч.
Миний шошгыг сайн хар даа. Шошгыг маань хийхийн тулд нүүрстөрөгчийн хөөг давирхайтай холидог юм. Давирхайг хэрхэн хийдгийг, нүүрстөрөгчийн хөө гэж ямар юм байдгийг та мэдэх үү?
Намайг бөгжлөн хүрээлсэн төмөр бол угтаа гууль юм. Цайр, зэс олборлох ажилчид, байгалийн бүтээгдэхүүнийг ийм гялалзсан, нимгэн гууль болгон хувиргахад зарцуулдаг хөдөлмөр, хүн хүчийг бодоод үзээрэй. Гуулин цагирагны дээрх хар хүрээнүүд нь хар никель юм. Хар никель гэж юу болох, түүнийг хэрхэн хийдэг бол? Гуулин цагирагны голд харин яагаад хар никель түрхээгүйг бүрэн гүйцэд тайлбарлах гэвэл хэд хэдэн хуудас цаас шаардагдах болно.
Хүмүүс намайг ашиглах явцад гаргасан алдаагаа арилгахад зориулагдсан хэсгийг болхидуу маягаар “баллуур” гэж нэрлэдэг, харин тэр бол миний хувьд титэмтэй адил. Баллуурыг  хүхэрт хлорид, Индонезийн рапсын үрийн тос найрлагат нь ордог резин маягийн зүйлээр хийдэг. Резин дангаараа баллуур болж чадахгүй учраас хүхэржүүлж, нийлэгжүүлэх хэд хэдэн бодис шаардагдана. Италийн уушгин чулуу, баллуурт өнгө оруулах кадмийн сульфид хэмээх будагч бодис хүртэл хэрэг болно.
Хэн ч анзаардаггүй үнэн
Одоо та энэ дэлхий дээрх ганц ч хүн намайг хэрхэн бүтээдгийг мэдэхгүй гэж хэлсэнд маань итгэж байна уу?
Үнэн хэрэгтээ сая сая хүн намайг бүтээх явцад оролцож байдгаа мэддэггүй. Та магадгүй холын хол Бразилд кофены үр түүж байгаа хүн, хаа нэгтээ ногоо тарьж буй ногоочин харандаа бүтээхэд оролцдог гэж хэлэх нь дэндүү хэтрүүлсэн хэрэг биш үү гэж хэлэх байх. Миний зөв болохыг би танд одоохон нотлоё. Харандааны үйлдвэрийн эзнийг оролцуулаад энэ олон сая хүн бүгд хөдөлмөрийн хуваарьт оролцож байдаг. Хөдөлмөрийн хуваарийн үүднээс харвал Цейлоноос бал чулуу олборлодог уурхайчин, Ореганы мод бэлтгэгч хоёр хөдөлмөрийн хуваарийн өөр өөр хэлбэр гэдгээрээ л ялгаатай. Уурхайчин, мод бэлтгэгч хоёр үйлдвэрийн  химич, газрын тос олборлогчтой л адил чухал гэсэн үг.
Одоо бид хамгийн гайхалтай баримттай нүүр тулж байна: газрын тос олборлогч, химич, бал чулуу, шавар малтагч, онгоц, галт тэрэг, ачааны машин зохион бүтээсэн, миний дамждаг олон дамжлагат тоног төхөөрөмжийг ажилуулдаг хүмүүс, харандааны үйлдвэрийн эзэн хүртэл намайг бүтээх гэж хүссэндээ тэр бүхнийг хийдэг юм биш. Тэр хүмүүс намайг нэгдүгээр ангийн хүүхдээс ч бага сонирхдог биз. Аягүй бол тэдний дунд амьдралдаа гартаа харандаа барьж үзээгүй, юу байдгийг нь мэдэхгүй хүн ч байхыг үгүйсгэхгүй. Намайг бүтээх тэр хүмүүсийн зорилго биш. Тэдгээр сая сая хүн ердөө л сайн хийж чаддаг ажлаараа өөрсдөд нь зайлшгүй хэрэгтэй юмуу дуртай бараа, үйлчилгээгээ сольж авах л гэсэн  хэрэг. Би тэдний хүсч буй зүйл мөн ч байж мэднэ,  биш ч байж мэднэ.
Дээд оюун ухаан гэж үгүй
Би танд өөр нэг гайхалтай зүйл хэлье: зохицуулагч дээд оюун ухаан, хэн нэгний дарамт, шахалт байхгүйгээр намайг бүтээх тоо томшгүй алхмууд хар аяндаа хийгдэж байдаг. Яг л үл үзэгдэх гар ажиллаж байгаа юм шиг. Энэ бол өмнө өгүүлсэн миний нууцлаг чанар юм.
“Гагц бурхан л жам ёсыг бүтээдэг” гэлцэх нь бий. Яагаад бид үүнтэй санал нийлдэг вэ? Хүн жам ёсыг бүтээж чадахгүй гэдгээ ухаардаг болохоор тэр үү? Үнэндээ бид жам ёс гэж юу болохыг гүехэн байдлаар тодорхойлохоос хэтэрдэггүй. Тухайлбал молекулын комфигураци (молекул доторх атомын орон зайн холбоо) бол жам ёс юм гэж хэлж болно. Тогтмол, байнгын молекулын багахан өөрчлөлт аливаа биетийн амьдралд чухал нөлөөтэйн адил энгийн нэг бяцхан, модон харандаа жам ёсны илрэл байх юм гэж хэний санаанд орох билээ?
Би бол мод, цайр, зэс, бал чулуунаас бүрдсэн гайхамшгийн чуулбар. Байгалийн бүтээгч ид  шидээс илүү гайхалтай зүйл байдаг нь: хүний бүтээлч хүчний нэгдэл, өөрөөр хэлбэл ямар нэг дээрээс тушаасан төлөвлөгөө, зохицуулалт үгүйгээр сая сая хүний хөдөлмөр, үйлдэл нийлээд хүн төрөлхтний хэрэгцээ, хүслийг хангах тогтолцоог хар аяндаа бий болгодог явдал юм. Гагц бурхан л жам ёсыг бүтээдэг гэж үзвэл би гарцаагүй бурхны бүтээл. Хүмүүс молекулын нэгдлээс мод гаргаад авдаг шиг намайг зориудаар бүтээж чадахгүй.
“Та миний дотор агуулагдах ид шидийг ухаарах аваас хүн төрөлхтний зугуухнаар амь тавьж буй эрх чөлөөг аврахад туслана” гэж эхэн хэсэгт бичсэн маань учиртай. Хэрэв төрийн болоод албадлагын ямар нэг хэрэгслийн нөлөөгүйгээр хувь хүмүүсийн нэг бүрийн хөдөлмөр нэгдсээр бүх хүний хэрэгцээ, шаардлагыг хангах бүтээлч, үр ашигтай тогтолцоо хар аяндаа бий болдгийг ойлгох аваас та эрх чөлөөт хүмүүсийн хүсэл зориг хэмээх эрх чөлөөний хамгийн гол амин судлаас атгалаа гэсэн үг юм. Эрх чөлөө ийм чөлөөт хүсэл зориггүйгээр орших боломжгүй.
Төр хүмүүсийн ийм бүтээлч үйл ажиллагааг гүйцэлдүүлээд эхэлбэл, тухайлбал, шуудан хүргэлтийн үйлчилгээг төр эрхлэх юм бол олонх нь энэ ажлыг хувь хүн дангаар гүйцэлдүүлж чадахгүй юм байна гэж дүгнэнэ. Ингэж дүгнэх нь ч зөв. Ганцхан хүн дангаараа харандаа хийх тогтолцоог бүрдүүлж чадахгүйтэй адил улс даяар шуудан түгээх ажлыг ч хувь хүн дангаар гүйцэлдүүлж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой мэт санагддаг. Тиймээс чөлөөт хүсэл зориг бүхий сая сая хүний хөдөлмөр нэгдэж уг үйлчилгээг хангах тогтолцоог хар аяндаа бий болгодгийг ухаараагүй хүн бол шууданг ганцхан төрийн “гайхашигт хүчээр” л хүргэж болох юм байна гэсэн алдаатай дүгнэлтэнд хүрэх болно.
Хаа сайгүй нотолгоо
Хэрэв хүмүүст чөлөөтэй нөхцөл боломж олгох л юм бол юу бүтээж, гүйцэлдүүлж чадахыг нотлох жишээ надаас өөр олдохгүй бол миний ярьсан зүйлд хэн ч үнэмшихгүй нь мэдээж. Гэвч ийм жишээ бидний эргэн тойронд, хаа сайгүй байдаг. Шуудан, хүргэлтийн үйлчилгээ л гэхэд автомашин зохион бүтээх, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, үр тариа боловсруулах хүнд машин механизм зохион бүтээхтэй харьцуулахад хавьгүй хялбар зүйл. Дамжуулах, хүргэх л явц шүү дээ. Яг энэ салбарт ямар ч зохицуулалт, гадны оролцоогүйгээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлын дуу, дүрсийг таны гэрт шууд дамжуулж, хүний дуу хоолойг хагас хормын дотор л дэлхий даяар цацаж, 150 зорчигчийг Сиэтлээс Балтимор луу дөрвөн цаг хүрэхгүй хугацаанд хүргэж, Техасаас Нью Иорк хүртэл итгэмээргүй бага зардлаар шатахуун зөөвөрлөж, 2 кг тосыг Персийн булангаас дэлхийн нөгөө хэсэгт төр нэг захиаг зэргэлдээ гудамжинд чинь хүргэж өгөхөөс ч бага зардлаар тээвэрлэн хүргэж байна.
Би энэ бүхнээрээ танд дээр дурьдсан бүтээгч хүчийг зөнгөөр нь орхих хэрэгтэй гэдгийг л  ойлгуулах гэсэн юм. Зохицуулахгүй байх нь жинхэнэ зохицуулалт гэдгийг, эрх зүй, хэм хэмжээний хэрэгслүүд энэ бүхэнд саад болох зүйлсийг л боломжийн хэрээр үгүй хийж, хүмүүсийн бүтээлч хүч чөлөөтэй хэрэгжих нөхцлийг бүрдүүлдэг байх, эрх чөлөөт хүмүүс харилцан ашигтай үр дүнд хар аяндаа хүрдгийг л мэдүүлэх гэсэн юм. Хэлсэн бүхэн маань үнэн. Харандаа би өөрийнхөө бүтэж бий болдог гайхамшигт үйл явцаар дамжуулан нар, бороо, нарс мод, байгаль дэлхийтэй л адил зайлшгүй үнэнийг танд өгүүллээ.



* Намайг албан ёсоор “Монгол 482” гэж нэрлэдэг. Миний биеийн ихэнхийг Эберхард Фабер Пенси цуглуулж, угсарч, үйлдвэрлэн гаргадаг.

Орчуулсан: Тэгшзаяа

Sunday, October 28, 2012

Эрх чөлөөний философи

Энэ видиог бараг 4 жил ярьсны эцэсд Даашка гэдэг залуугын туслалцаатай хийж дуусгалаа. 


Хүн бүрийг мэдээлэлжүүлж, боловсролтой болго, тэд л эрх чөлөөг хадгалж хамгаалах хамгийн 
найдвартай тулгуур болно. - Thomas Jefferson